:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн айлчлалын талаар

28.10.2026 г.

2026 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийсэн ба энэ нь Монгол Улсын Төрийн тэргүүний Беларусь Улсад хийсэн түүхэн дэх анхны айлчлал боллоо.

Ухнаагийн Хүрэлсүх хүрэлцэн ирсэн өдөр Минск хотод байгаа Ялалтын хөшөөнд цэцэг өргөж, Аугаа их Эх Орны дайны баатруудын дурсгалд хүндэтгэл үзүүлэв.

2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Тэргүүн Аугаа их Эх Орны дайны түүхийн музей болон Беларусь Улсын Онцгой байдлын яамны Амьдралын аюулгүй байдлын боловсролын төвд зочилсон. Мөн энэ өдөр Беларусь, Монголын удирдагчид ганцаарчилсан  уулзалт хийв.

2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрмадах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нарын албан ёсны уулзалт боллов.  Беларусийн талын нарийн болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Максим Рыженков, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Беларусь-Монголын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов нар багтжээ.

Александр Лукашенко, Ухнаагийн Хүрэлсүх нар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хүрсэн тохиролцоонуудын хэрэгжилтийг нааштайгаар үнэлж, Беларусь-Монголын хамтын ажиллагааны цаашдын эрчимтэй хөгжлийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлов. Хоёр улсын харилцааг бэхжүүлэх хөгжлийн гол зангилаа цэгүүд нь аж үйлдвэр, хөнгөн үйлдвэр болон хөдөө аж ахуйн цогцолбор салбарын хамтын ажиллагаа болохыг тэмдэглэлээ.

Айлчлалын үеэр Александр Лукашенко, Ухнаагийн Хүрэлсүх нар 2024 онд байгуулсан Бүгд Найрамдах Беларусь Улс болон Монгол Улс хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний соёрхон баталсан батламж бичгийг харилцан солилцов.

Хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын удирдагчид 2027–2029 онд Беларусь, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглалыг баталсан. Түүнчлэн, талууд спорт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, итгэмжлэл, харилцаа холбоо, мөн хоёр талын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны салбарыг хөгжүүлэх баримт бичгийн багцыг батлав.

Хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын Төрийн тэргүүн нар хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны асар их нөөц боломжийг бүрэн хэрэгжих шаардлагатай хэвээр байгааг онцолсон бөгөөд үүнд 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон ЕАЭЗХ, түүний гишүүн улсууд болон Монгол Улс хоорондын Худалдааны түр хэлэлцээр томоохон түлхэц үзүүлэх ёстойг онцлов.

Мөн айлчлалын хүрээнд Беларусь Улсын Үндэсний хурлын Монгол Улсын Парламенттай хамтран ажиллах ажлын хэсэг болон Монгол-Беларусийн найрамдлын бүлгийн хамтарсан хуралдаан Минск хотноо болов. Талууд хоёр улсын найрамдлын бүлэг болон парламент хоорондын шугамаар хэрэгжүүлэх тодорхой алхмууд, парламент хоорондын харилцан айлчлалууд, мөн 2027 онд тохиох Беларусь, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүдийг бэлтгэн зохион байгуулах талаар тохиролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын төгсгөлийн хэсэг нь Беларусь-Монголын бизнес форум байсан бөгөөд үүнд Монголын 60 орчим, Беларусийн 200 гаруй компанийн төлөөлөгчид оролцов. Арга хэмжээ эхлэхээс өмнө Монголын төлөөлөгчид Беларусийн тэргүүлэх үйлдвэрүүд болох “Камволь” ХК, “Коммунарка” хамтарсан хувьцаат нийгэмлэг, Өндөр технологийн парк болон “Великий камень” аж үйлдвэрийн паркаар зочиллоо. Бизнес форумын үр дүнд төмөр замын тээвэр, шар айрагны үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техник, хүнсний бүтээгдэхүүн болон сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг салбарт 17 гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав.

Хэвлэх хувилбар

Belarusian Diplomatic Missions

All Missions Belarus' Foreign Ministry
Go to